Jun 14, 2010

Бяцхан Хулганы Эрэл Хайгуул

Нэг ийм хөөрхөн үлгэр олж уншлаа. Тэгээд орчуулчихлаа. Хүн болгон давуу болоод сул талтай. Давуу талаа хүнээс биш өөрөөсөө олж хар аа гэсэн санааг хулганы эрлээр хөөрхөн тайлбарлачихсан нь таалагдсан юм.

Бяцхан Хулганы Эрэл Хайгуул
Нэгэн хулгана өөрийгөө хэтэрхий өчүүхэн жижиг гэж бодон, үргэлж дэлхий дээрх хамгийн том зүйлийг эрж олохыг хүсдэг байжээ. Тэгээд толгойгоо өргөн юу ер нь том юм бол оо? Юу хамгаас том юм бол оо гэж бодож суугаад: “Миний амьдрал тэнгэрийн доорх үнэн мөнийг олохын төлөө байдаг. Харин тэнгэр юунаас ч айдаггүй, тэр үнэхээр өргөн уудам, 4 зүг 8 зохисыг өөрийн доор багтааж чаддаг” гэж бодоод, тэнгэр дээр очоод: “Тэнгэр ээ, чи юунаас ч айдаггүй, би ийм өчүүхэн жижигхэн, чи надад хүч зоригоосоо өгөөч” гэхэд,
Тэнгэр хэлсэн нь: “Надад ч бас айдаг зүйл бий, би үүлнээс айдаг. Үүл тэнгэрийг бүрхэж нарыг халхалж чаддаг, нар бид хоёр түүнийг яаж ч чаддаггүй” гэв.

Jun 13, 2010

Нөхөрлөл

За завгүй завгүй гээд яваад байсан чинь их удаан дуртай ажлаа хийгээгүй хаячихсан байна.  Би ч олон сайхан найзтай л даа: зааж зөвлөдөг, эрхэлж тунирхдаг, тайвшруулж тайтгаруулдаг, уурлуулж бухимдуулдаг, учирлаж ойлгуулдаг, баярлуулж баясгадаг,  ГОВЬ АЛТАЙН ЗАМЫН ГОЛООР АЛХАХ ДУРТАЙ гээд л, тэдэндээ зориулчихъя. Бүгдэнд нь байгаагаар нь л хайртай шүү. За тэгээд Зөнч маань бидний харилцааны талаар ийн хөөрч байна:

Нөхөрлөл
Нэгэн залуу гарч ирэн бидэнд нөхөрлөлийн тухай ярьж өгөөч гэв.
Тэр хэлсэн нь:
Чиний найз чамд хэрэгтэй зүйлсийн чинь хариулт.
Тэр чиний тариан талбай, чи хайр өвөртлөн үр суулган, хайраа өвөртөлсөөр ургацаа хураана.
Тэр мөн чиний зоогийн ширээ, задгай зуух.
Чи өлсөхөөрөө түүнийг эрж, тайвшрахын төлөө түүнийг хайдаг.

Найз чинь шууд шулуулхнаар сэтгэлийн үгээ хэлэх үед, чи сэтгэл доторх “Үгүй”-ээсээ бүү ай, сэтгэлийн гүн дэх “Тийм”-ийгээ бүү дарж нуу.

May 6, 2010

Намар Орой Голын Дээр

Манай  Enbos найз надад ийм нэг сайхан шүлэг орчуулж бэлэглэсийн, Бүх Хятадын 300 шилдэг  модернист шүлгүүдийн нэг. Дахин дахин баярлалаа найздаа!

 Намар орой голын дээр (Лю Да Бай)

Үүр рүүгээ буцаж буй нэгэн шувуу,
Эцэж хэдий ядарсан ч,
Үдшийн нарны цацрагийг нуруундаа тээж явна.

Бурханлиг жигүүрийн ганц л дэвэлтэнд,
Голын дээр наран асгарахуй;
Буурал зэгс нэгэн агшинд,
Гоёмсог улаан өнгөнд хувирна.

秋晚的江上  (劉大白)

歸巢的鳥兒,
儘管是倦了,
還馱著斜陽回去。

雙翅一翻,
把斜陽掉在江上;
頭 白的蘆葦,
也妝成一瞬的紅顏了。

Орчуулсан Enbos 05.05.2010

May 4, 2010

Баяр Жаргал ба Гуниг Зовлон

Нэлээд олон жилийн өмнө би ээжийгээ 10 сар зовоохын ялдамд баяр баясал авчран төрж билээ. За тэгээд тэрнээс хойш бид бие биесийнхээ баяр гунигийн салшгүй учиг шалтгаан болсоор иржээ. Болсоор ч байх болно. Өнөөдөр ээж бидэн хоёрын хамтын зовлон жаргал эхэлсний ойн өдөр.  Тэгээд Зөнчийн үгээр жаргал зовлонг тайлбарлалаа.


Дараа нь нэгэн эмэгтэй бидэнтэй баяр жаргал, гуниг зовлонгийн тухай ярилцаач гэлээ.
Тэр хэлсэн нь:
Чиний баяр баясгалан бол багаа авсан зовлон гуниг.
Чиний инээд оргилж байгаа худаг мөн чиний нулимсыг дүүргэж байдаг юм.
Үүнээс өөрөөр ямар байна гэж?
Зовлон гуниг зүрхийг чинь хэр гүн шархлуулна, түүнээс илүүгээр чи баяр жаргалыг багтаах болно.

Apr 24, 2010

Булгийн Шивнээ

Нэг ном уншиж яваад Японы нэрт зураач, зохиолч агсан Хигашияама Кайй (东山魁夷) гэдэг хүний энэ зохиолын танилцуулгыг олж уншаад машид таалагдсан тул хятад эхийг нь олж аван орчуулж үзлээ. Өнөөгийн бидний утга учиргүй   юунд ч юм яарсан, дэвшиж дээшилсэн энэ амьдрал ямар ч үнэ цэнэгүй болохыг, тэгээд юунд хүргэж байгааг шувуудын дүрээр тодоос тод харуулж, жинхэнэ үнэн мөн зөвхөн бидний сэтгэлд л байдаг гэдгийг өгүүлжээ. Нэр нь уг нь 听泉 буюу махчилах юм бол "Булгийг Сонсохуй"  гэсэншүү утгатай юм, би нь орчуулахдаа "Булгийн Шивнээ" болгочихлоо, эхийг уншиж үзээд нэрний болоод бусад талаар санаа оноо байвал хэлээрэй. Орчуулах ОРОЛДЛОГО  шүү дээ, дутуу гучуу зүйл байгаа шүү.

 Булгийн Шивнээ
 Уудам тал дээгүүр шувууд ниснэ. Хэсэг хэсгээрээ сүрэглэсэн шувууд зогсолтгүй нисэн өнгөрнө.
Заримдаа дөрөв таваараа толгойлон ниснэ, заримдаа нэгэн цуваанд орон могой шиг сунан ниснэ. Хар даа, үнэхээр хүчирхэг шувуун сүрэг юм аа!...
Шувууд жиргэнэ, тэд эв найрамдалтай амьдарч, харилцан бие биенээ урамшуулан зоригжуулна. Заримдаа бас хоорондоо эвдрэлцэн муудаж, булаалдан тэмцэж, бие биесээ гэмтээн шархдуулна. Зарим шувууд өвчин ужиг, ядарч зүдрэн эсвэл хөгширч өвгөрснөөс болон сүргээсээ тасарна.

Apr 21, 2010

5. Өгөхүй

Зөнчийн өгөх авахуйн талаарх зөгнөл таны үзэл бодолтой нийцэж байна уу?


Дараа нь нэг баян хүн бидэнд өгөх авахын талаар ярьж өгөөч гэв.
Тэр хариулсан нь:
Чи бүх хөрөнгөө хэн нэгэнд өглөө ч чи өчүүхэн жаахныг л өгч байна гэсэн үг.
Чи өөрийгөө өгч чадсан цагт л жинхэнэ бэлэг болж чадна.
Учир нь чиний эд хөрөнгө гэдэг бол маргааш хэрэг болж магад хэмээн хадгалан хайрладаг зүйлс чинь л биз дээ?
Харин маргааш, маргааш хашир нь дэндсэн нохойд юу л авчирна гэж? Тэр Ариун хот руу явах аянчдыг дагах замдаа ясаа зам мөргүй шороон дунд л булна биз.
Дутагдахын айдас гэж дутагдах өөрөө л байх?
Худгийн чинь ус ундран оргилохын цагт чи бас л цангахаас айна, энэ цангалт ханаж цадахыг хэзээ ч мэдэхгүй.

Apr 14, 2010

4. Хүүхэд

Зөнч маань эхнэр нөхөр хоёр хоорондоо ямар нэг зайг барьж байх хэрэгтэй гэж зөгнөсөн шигээ тиймэрхүү зайг хүүхэдтэйгээ ч барих хэрэгтэй гэж өгүүлмой.  Хүн хүнд өөр өөрсдийнх нь орон зай байх бөгөөд тэр лүү нь хэн нэгэн зөвшөөрөлгүй өнгийгөөд ирэхээр л харилцаанд сэв сууж эхэлдэг байх.  Хүүхдүүддээ  personal  space  өгцгөө гэхээс гадна бас бус юмыг ч бас хэлээд л байх шиг байна. За таалан соёрхож, тунгаан бодоод санал бодлоо дэвшүүлнэ үү. 
 
Нэгэн нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй бидэнд хүүхдийн тухай ярьж өгөөч гэв.
Тэр хэлсэн нь:
Чиний хүүхэд чинийх биш.
Тэд болон тэдний “Хувь тавилан” хүсэн хүлээж байж төрүүлсэн хүүхдүүд юм.
Тэд чамаар дамжиж төрдгөөс биш чи тэднийг бүтээдэггүй.
Тэд чамтай хамт байдаг ч чамд харьяалагддаг гэсэн үг биш.