Нэг ийм хөөрхөн үлгэр олж уншлаа. Тэгээд орчуулчихлаа. Хүн болгон давуу болоод сул талтай. Давуу талаа хүнээс биш өөрөөсөө олж хар аа гэсэн санааг хулганы эрлээр хөөрхөн тайлбарлачихсан нь таалагдсан юм.
Бяцхан Хулганы Эрэл Хайгуул
Нэгэн хулгана өөрийгөө хэтэрхий өчүүхэн жижиг гэж бодон, үргэлж дэлхий дээрх хамгийн том зүйлийг эрж олохыг хүсдэг байжээ. Тэгээд толгойгоо өргөн юу ер нь том юм бол оо? Юу хамгаас том юм бол оо гэж бодож суугаад: “Миний амьдрал тэнгэрийн доорх үнэн мөнийг олохын төлөө байдаг. Харин тэнгэр юунаас ч айдаггүй, тэр үнэхээр өргөн уудам, 4 зүг 8 зохисыг өөрийн доор багтааж чаддаг” гэж бодоод, тэнгэр дээр очоод: “Тэнгэр ээ, чи юунаас ч айдаггүй, би ийм өчүүхэн жижигхэн, чи надад хүч зоригоосоо өгөөч” гэхэд,
Тэнгэр хэлсэн нь: “Надад ч бас айдаг зүйл бий, би үүлнээс айдаг. Үүл тэнгэрийг бүрхэж нарыг халхалж чаддаг, нар бид хоёр түүнийг яаж ч чаддаггүй” гэв.
Тэгэхээр нь хулгана үүлийг бүр илүү юм байна гэж бодоод, үүлэн дээр очин: “Чи тэнгэрийг бүрхэж, нарыг халхалж чаддаг юм байна, тэгэхээр чи тэнгэр газрын дундахь хамгийн их хүчтэй зүйл болох нь, тийм үү?” гэж асуухад,
Үүл өгүүлсэн нь: “Үгүй, үгүй, би салхинаас айдаг. Арай гэж тэнгэрийг бүрхээд автал, хүчтэй салхи ирж салхилаад намайг сарниулчихдаг. Тэгэхээр надад бас л айдаг зүйл байдаг гэсэн үг” гэв.
Хулгана тэр даруй салхин дээр гүйж очоод: “Чиний хүч үнэхээр их юм аа, тэнгэрийн бүх зүйл чамайг хааж зогсоож чаддаггүй гэж байна, чамд ингэхэд айдаг юм байдаггүй биз дээ?” гэж асуухад,
Салхи хариулсан нь: “Надад айдаг зүйл байлгүй яахав, би хананаас айдаг. Тэнгэрийн үүлийг би үлээгээд сарниулж чадах ч, газар дээрх ханыг би яаж ч чаддаггүй, тиймээс хана надаас илүү” гэлээ.
Хулгана тэгэхээр нь хана руу очоод, асуув: “Чи салхийг хүртэл хааж тогтоож чаддаг юм чинь, чи тэнгэрийн доор хамгийн хүчтэй нь байх тийм үү?” гэхэд,
Хана хулганыг цочирдтол ийн хариулжээ: “Миний хамгийн айдаг зүйл бол хулгана. Хулгана миний сууринд жижигхэн боловч маш олон нүх сэтлэн гаргадаг, хэзээ нэг цагт тэр нүхнүүдээс болж би нурж унана” гэхэд,
Энэ үед хулгана гэнэт бүхнийг ухааран, энэ дэлхий дээр хамгийн чадалтай сүрхий зүйл нь өөрөө байсныг ойлгож мэджээ. Үнэндээ хулганы энэ бүх эрэл хайгуул бидний хар багаасаа өсөж том болтлоо хэн нэгнийг шүтэн биширч, үлгэр дууриал болгон, насан туршдаа хайж явсаар хамгийн сүүлд л өөрийн сэтгэл доторхоо ойлгодог үйл явц биш гэж үү?
Юй Дань 於丹 ("Жуанз-ын талаарх ойлголт" номноос орчуулав)
1 comments:
yostoi unen helj shuu,
Post a Comment