May 9, 2011

Бэлэг

       Төрсөн өдрийн бэлэг. Надад бэлэглэсэн юм чинь минийх л гэсэн үг, яадаг юм гэж бодоод тавьчихлаа. Баярлалаа Энбос найз аа, хүн бүрт олдохгүй том бэлэг шүү!
       Эдгээр шүлгүүд нь Хятадын алдарт яруу найрагч, зохиолч Шю Жимо /徐志摩1897-1931/ -н шүлгүүд бөгөөд уг хүн нь Америк, Англид суралцаж төгссөн, өндөр боловсролтой, тухайн үеийнхээ уран зохиолын ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг юм. Энэ том хүний сайхан бүтээлүүдээс найз Энбосынхоо орчуулснаар энэ удаад орууллаа.  
       ПС: Яана аа, өөрөө нэг юм хийх юмсаан.

Гэнэт...

Тэнгэрийн уудамд хөвөх үүл би,
Долгилох зүрхэнд чинь хааяахан тусмуй –
Тээнэгэлзэн гайхах хэрэггүй ээ,
Догдлон баярлах ч хэрэггүй –
Эргэх агшинд л хөлийн минь сүүдэр
Эгнэгт арилан замхрах вий.

Чи бид түнэр шөнийн далайд учирсан билээ
Чиг зүг минь тусдаа, чинийх ч, минийх ч.
Уусан нэгдэх агшинд туссан гэрлийн гялбааг
Ухаан бодолдоо чи тогтоож авсан бол сайн,
Урсган гээж орхисон бол, бүр ч илүү сайн!

Jan 10, 2011

Хавар 春

Нэгэн найзынхаа санал болгосны дагуу Жу Зи Чинг (朱自清)-ийн уг өгүүллэгийг орчууллаа. Муу блогоо тун чиг саналаа даа.

 Хавар 春
Хүсэн хүлээсэн дорнын салхи үлээж, хаврын алхаа наашиллаа.
Бүхий л зүйлс дөнгөж сэрж буй мэт, баясгалантайгаар нүдээ нээлээ. Уул тодорч, ус долгилон, нар улаа бутарч эхлэв.
Бяцхан өвс нууцханаар газраас цухуйна. Булбарайхан, ногоохон өвс. Хүрээн доторхыг, уудам талыг дүүргэнэ. Суумаар, хэвтмээр, хоёр гурав өнхөрчихмөөр, бөмбөг хэд өшиглөчихмөөр, уралдаж гүймээр, нуугдаж тогломоор.
Тоорын модод, гүйлсний модод, лийрийн модод чи надад, би чамд найр тавихгүй гэсэн шиг цэцгээ дэлгэн уралдана. Гал шиг улаан, үүрийн туяа шиг ягаан, цас шиг цагаан. Цэцэгс нь анхилуун үнэртэй. Нүдээ анихад модод тоор, гүйлс, лийрээр дүүрсэн мэт санагдана. Цэцэгсийн доогуур дээгүүр түм буман ажилч зөгий дүнгэнэн нисэж, том жижиг эрвээхэйнүүд эргэлдэн наадна. Янз бүрийн, нэртэй нэргүй цэцэгс газраар нэг, өвсөн дунд олон нүднүүд, одод тархан унасан мэт. Бүр анивчиж ирмэнэ гээч.