Aug 10, 2010

Авьяастны Мөрөөдөл 天才夢



        Би их сонин эмэгтэй. Хар багаасаа л төрөлхийн авьяастай гэж хэлэгдсээр авьяасаа хөгжүүлэхээс өөр зорилгогүй болсон нэгэн. Харин хүүхэд насны сүрхий мөрөөдөл бага багаар бөхөхийн хэрээр би өөрийгөө авьяастан болох мөрөөдлөөс өөр юу ч үгүйгээ мэдсэн юм. Надад байгаа зүйл бол ерөөсөө л авьяастны бөөн этгээд гажууд сул талууд. Хүмүүс Regis Wargnier-ийн солиорлыг уучлах байх л даа, харин намайг бол уучлахгүй байх.
         Америк маягаар хэлэх юм бол би гоц авьяастан хүүхэд байлаа. Би 3 настайдаа Тангийн шүлэг цээжээр уншдаг байв. Манж чингийн үеийн нэг хуучин сүлжмэл сандалны урд зогсоод “Дууч эм улсаа мөхсөнийг үл мэдэн, Хойд хүрээний сайхан бүсгүйг[1] дуулсаар л байх ажгуу” эртний хятадын нэгэн алдарт шүлгийн хэсэгхэмээн толгой хөдөлгөн нулимс дуслуулан уянгалуулан уншдаг байснаа одоо ч санадаг. 7 настайдаа нэгэн  гэр бүлийн тухай анхны эмгэнэлт өгүүллэгээ бичсэн юм. Бичихэд хэцүү ханз таарвал тогооч дээр гүйж очоод яаж бичихийг нь асуучихдаг байлаа. Хоёрдахь зохиол маань бүтэлгүй хайртай учраад амиа хорлодог охины тухай байж билээ. Ээж энэ зохиолын талаар “Хэрвээ тэр амиа хорлох л байсан юм бол заавал хаа байсан Шанхайгаас галт тэргэнд суугаад Шихуд ирж живж үхэх хэрэг байхгүй шүү дээ” гэж шүүмжилж байсан сан. Гэхдээ Шихугийн зохиолын орчныг бодоод би эцэстээ тэр хэсгийг өөрчлөөгүй хэвээр нь үлдээсэн юм.
        Миний хичээлээс гадуур уншсан ном гэвэл “Барууш Зорчсон Тэмдэглэл” болоод хэдэн үлгэр л байсан байх. Харин миний сэтгэхүй тэдгээрт огт хүлэгдээгүй юм. 8 настайдаа утоп агуулгатай “Аз Жаргалын Тосгон” гэдэг нэртэй зохиол бичих гэж оролдож билээ. Аз жаргалын тосгоныхон бол төрөлхийн дайчин, нутгийн уугуул иргэд. Миао үндэстнийг эзлэхэд их гавьяа байгуулсан учир Монгол Хятадын хаад тэднийг алба гувчуураас чөлөөлж, засгийн эрхийг нь өөрсдийнх нь гарт өгчээ. Тиймээс аз жаргалын тосгон бусад ертөнцөөс тасарсан нэгэн том гэр бүл бөгөөд бүхий л газар тариалан, оёдол эсгүүр гэх мэт ажлаа өөрсдөө хийдэг овгийн байгууллын соёлоо хадгалж үлдсэн тосгон байв. 
        Би хэдийгээр том зохиол бичих гэж их мэрийж байсан боловч төд удалгүй уг том сэдэвтээ сонирхол буурчихсан юм. Гэхдээ би одоо ч зураг зурахдаа иймэрхүү мөрөөдлийн нийгмийн үйлчилгээ, барилга, интерьер засал, номын сан, зодооны урлагийн тайз, шоколадны дэлгүүр, дээвэр дээрх цэцэрлэг зэргийг хавчуулж оруулдаг. Ресторан гэхэд л лянхуа цэцгийн цөөрөм дундахь саравчинд байх жишээтэй. Аз жаргалын тосгонд кино театр, социалист үзэл байсан эсэхийг сайн санахгүй байна, гэхдээ л тэд тэдэнгүйгээр сайхан амьдрах л байсан.
        Естэйдөө би хөгжим, зураг хоёрын аль нэгийг насан туршийнхаа ажил мэргэжил болгох хэрэгтэй болсон юм. Тэр үед нэг ядуу зураачийн тухай кино үзээд, шууд гоёмсог том ордонд тоглодог төгөлдөр хуурч болохоор шийдэж билээ.
        Би өнгө, хөгжим, үгэнд маш мэдрэмжтэй. Төгөлдөр хуур сурч байх үед тэр 8 нот надад бүгд өөр өөрийн зан төрхтэй бөгөөд янз бүрийн тод өнгийн хувцас малгай өмсч зүүгээд гар гараасаа барилцан бүжиглээд байх шиг санагддаг байлаа. Би зохиол бичихдээ янз бүрийн өнгө будаг нэмж, уянгалаг бөгөөд хурц тод үг өгүүлбэр хэрэглэх дуртай. Жишээлбэл “сувдан саарал”, “харуй бүрий”, “гайхамшиг”, “splendour”, “melancholy”, тиймээс нурших алдааг байнга гаргадаг.  Одоо ч гэсэн “Лиао Жай Жи И” (聊齋志異 эртний хятадын чөтгөр сүнсний тухай ном), Парисын загварын сэтгүүлүүдийг үзэх дуртай маань тэдгээр сэтгэл татам үгсийн төлөө л юм.
        Сургуульд би чөлөөтэй хөгжих эрх чөлөөг олж авсан учраас өөртөө итгэх итгэл маань өдрөөс өдөрт сайжирсан юм. 16 нас хүрдэг жил ээж Францаас ирж олон жил хол байсан охиндоо судалгаа хийв.
        Ээж “би багад чинь чамайг сайн харж чадалгүй хижиг өвчин хүргэчихсэндээ харамсаад байдаг юм” гээд “амьдаараа тэгж зовж байхыг чинь харснаас үхэж байхыг чинь харсан нь дээр” гэж хэлж билээ.
        Би алим хальсалж чаддаггүйгээ мэдэж авав. Маш их хөдөлмөр зарж байж оймс нөхөж сурав. Би үсчинд орохоосоо айдаг, зочин ирэхэд дургүй, оёдолчинд хувцсаа аваачиж өгөхөөс айдаг. Маш олон хүн надад юм нэхэхийг зааж өгсөн ч огт сурч чадаагүй. Нэг өрөөнд 2 жил амьдарсан атлаа хонхоо хаана байдгийг асуувал бодож байж хариулдаг. Өдөр болгон таксинд сууж эмнэлэг орж тариа тариулсаар 3 сар болсон хэрнээ замаа олохгүй. Ерөнхийд нь хэлэхэд энэ бодит нийгэмд би ямар ч хэрэггүй амьтан байлаа.
        Ээж надад орчиндоо дасан зохицох, ойр зуурын ажил хийж сурахад 2 жилийн хугацаа өгөөд, будаа агшаах, савангаар хувцас угаах, яаж алхах, бусдын нүд рүү харах, гэрлээ асаасан бол хөшгөө татаж байх, толинд нүүрээ хэрхэн харах, алиалах авьяасгүй бол онигоо ярихгүй байх зэргийг зааж өгсөн юм.
        Хүмүүстэй харьцах тал дээр би үнэхээр хүн гайхмаар тэнэг хүн ажээ. Тиймээс энэ 2 жилийн хугацааны төлөвлөгөө амжилтгүй туршилт болж хувирсан юм. Үзэл санааныхаа тэнцвэрийг алдсанаас бусдаар ээжийн ахин дахин захиж хэлсэн сануулгууд надад огтхон ч нөлөөлсөнгүй.
        Гэхдээ л би амьдрах урлагийн  өчүүхэн хэсгийг ч болов ойлгодог байсан юм. Би “7-р сарын үүл” (кино эсвэл жүжгийн нэр бололтой)-ийг яаж үзэхийг, шотланд цэргүүдийн үлээдэг цуур хөгжмийг хэрхэн сонсохыг, сэвшээ салхинд сүлжмэл сандал дээр суухын сайхныг, давстай самар идэхийг, бороотой үдшийн неон гэрлийн үзэсгэлэнтэйг, 2 давхар автобуснаас моддын ногоон навчнаас тасалж авч болохыг мэднэ. Хүмүүс хоорондоо харилцаагүй тийм л газар миний амьдрал баяр хөөрөөр дүүрдэг. Харин би тийм шүд зуусан жижиг сажиг зовлонгоор дүүрэн амьдралаар нэг өдөр ч амьдарч чадахгүй юм байна лээ. Амьдрал бол зүгээр л нэг нохойн бөөс шигдэж шавсан хээнцэр гоёмсог  даашинж.
Жан Ай Лин (張愛玲)


[1]玉树后庭花:Эртний хятадын дуу

6 comments:

arjuna said...

Ямар гоё зохиол бэ?

Anonymous said...

Кафкагийн зохиолуудтай ер нь төстэй юм. Гүйцэд орчуулж болоогүй юм уу?

Suyala L said...

Ганзориг: тэх дажгүй санагдсан.

Anonymous: Бүтнээрээ байгаа нь л энэ ээ хө

Anonymous said...

Дунд нь англи үг мүг орчихсон, тэрийгээ гүйцэд орчуулаач ээ л гэх гэсийм

Suyala L said...

хятад эх дээрээ англиараа байсан болохоор нь солих хэрэггүй гэж бодоод байгаа юм.

Unknown said...

гоё бна аа, сайхан л орчуулж

Post a Comment