Aug 24, 2010

Яаруу Давчуу Цаг Хугацаа 匆匆

Хятад хэл сурч байсан хүмүүс хятадын алдарт яруу найрагч, зохиолч Жу Зи Чингийн (朱自清1898-1948) уг зохиолыг андахгүй сайн мэдэх байх аа, орчуулж байсан ч хүн цөөнгүй байдаг байх. Энэ удаад уншаад өнгөрөх биш орчуулаад өнгөрөх гэж хичээлээ. 

Яаруу Давчуу Цаг Хугацаа

    Хараацай шувуу нүүдэллэн явсан ч харьж ирэх цаг бий. Улиас модод хатаж гандсан ч ногоорч дэлгэрэх үе гэж бий. Тоорын цэцэг хагдарсан ч цэцэглэх мөч бас л бий. Ухаалаг чи минь хэлээд өгөөч, бидний өдрүүд яагаад харин эргэн ирдэггүй юм бэ? Хэн нэг нь хулгайлаад явчихдаг юм уу? Тэр нь хэн юм бэ? Хаана нуучихдаг юм бол? Эсвэл өөрсдөө зугтаад явчихдаг юм болов уу? Тийм бол одоо хаана явж байгаа бол?
    Бидэнд хичнээн урт хугацаа өгсөн байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ гар маань бага багаар хоосорсоор л байна. Чимээгүйхэн дотроо бодож үзтэл найман мянга гаруй өдөр гараас минь урсаад явчихсан байх аж. Яг л дуслын зүүнээс далай руу нэг дусал орчих шиг миний өдрүүд цагийн урсгал дунд ямар ч чимээ аниргүй, бас дүрс сүүдэргүй дусалж одсоор. Нулимс өөрийн эрхгүй асгарна.
    Явах нь явсаар, ирэх нь ирсээр. Явах ирэхийн хооронд юунд ингэтэл яарна вэ? Өглөө намайг босоход өрөөнд хоёр гурван нарны цацраг тусаж байдаг. Нар хөлтэй ажээ, аажим аажмаар хөдлөн шилжинэ. Би ч бас яаравчлан тэр эргэлтийг дагана. Гар нүүрээ угаах үед цаг нүүр угаадаг савнаас явчихна. Хоол идэж байхад цаг аяганаас гараад явчихна. Чимээгүй сууж байхад анхаарал хатамжилсан хоёр нүдний өмнүүр гараад явчихна. Түүний тийм яарууг мэдээд, хоёр гараараа нүдээ даравч тэр гарны цаагуур өнгөрч одно. Шөнө орой орондоо хэвтэж байхад биен дээгүүр маань алхаад л, хөл дээгүүр маань нисээд л явчихна. Нүдээ нээн нартай дахин уулзахад нэг өдөр өнгөрлөө гэсэн үг. Би нүүрээ даран санаа алдана. Гэвч шинэ өдрийн сүүдэр санаа алдахтай маань хамт холдон одсоор л.
    Нисэх мэт өнгөрч буй энэ цаг хугацаан дотор, мянган хаалга түмэн цонхтой энэ дэлхий дээр би юу хийж амжих бол? Хий хоосон холхиж, учраа олохгүй л яарч сандрах юм. Найман мянган яарч сандарсан өдөрт хий хоосон нааш цааш холхихоос өөр юу хийж болох бол? Өдөр хоногууд утаа шиг сэвшээ салхинд замхарна, үүрийн манан шиг өглөөний наранд сарнина. Би тэгвэл ямар ул мөр үлдээсэн юм бол? Би ядаж шавьжны баас шиг ч болтугай ул мөрөө үлдээж чадсан билүү? Би нүв нүцгэн л ирсэн, нүд ирмэхийн зуур буцаад л нүв нүцгэнээрээ буцах болж байна. Харин буцаж ирж чадахгүй, тэгээд яагаад заавал ингэж хий хоосон энэ замыг туулах ёстой юм бэ?
    Ухаалаг чи минь хэлээд өгөөч, бидний цаг хугацаа яагаад эргэн ирдэггүй юм бол?

1922.03.28 

7 comments:

Anonymous said...

Ер нь их өвөрмөц зохиол юм аа.

Enbos said...

Энэ орчуулгыг чинь сая л уншлаа ш. Бүүр самгардуулаад хаячлаа шд, сандраагүй хүнийг сандаргалгаад зүгээр, сонин зохиол вэ яасан.

Suyala L said...

Яарахад гэмгүй ээ.

Enbos said...

Нэг юм хий л дээ, дюдь!

Suyala L said...

Үнээр хийхийг хүсэж байна, завтай болоод чадалтай сан бол ккк, гэхдээ хийнэ ээ хийнэ ;)

Unknown said...

Blogoor n zochloogui tunchig udsan bn. Orson goy bn shu. Yu hiih geed l tsag zav, chadal hurehgui bn daa?

info said...

Түүний амьдарч байсан тэр үед дусал зүүгээр хийдэг байсан байх нь уу эсвэл би буруу ойлгов уу

Post a Comment