Дараа нь нэг баян хүн бидэнд өгөх авахын талаар ярьж өгөөч гэв.
Тэр хариулсан нь:
Чи бүх хөрөнгөө хэн нэгэнд өглөө ч чи өчүүхэн жаахныг л өгч байна гэсэн үг.
Чи өөрийгөө өгч чадсан цагт л жинхэнэ бэлэг болж чадна.
Учир нь чиний эд хөрөнгө гэдэг бол маргааш хэрэг болж магад хэмээн хадгалан хайрладаг зүйлс чинь л биз дээ?
Харин маргааш, маргааш хашир нь дэндсэн нохойд юу л авчирна гэж? Тэр Ариун хот руу явах аянчдыг дагах замдаа ясаа зам мөргүй шороон дунд л булна биз.
Дутагдахын айдас гэж дутагдах өөрөө л байх?
Худгийн чинь ус ундран оргилохын цагт чи бас л цангахаас айна, энэ цангалт ханаж цадахыг хэзээ ч мэдэхгүй.
Зарим хүмүүс маш их хөрөнгөтэй ч бусдад өгдөг нь маш бага. Түүнийгээ тэгээд ямар нэгэн нэр ашгийн төлөө өгнө гээч. Далд шунал нь тэр өчүүхэн өглөгийг нь бузарлаж орхино.
Гэтэл зарим хүмүүс өөртөө бараг юу ч үгүй байж байгаа бүхнээ гаргаад өгчихдөг. Тэд нар бол амьдрал болоод амьдралын тансаг баяныг шүтэгчид юм. Тэдний мөнгөний авдар хэзээ ч үл хоосорно.
Зарим хүмүүс бусдад юм өгөхдөө баярлан баясдаг. Баяр баясгалан бол тэдэнд ирж байгаа шан харамж юм.
Зарим хүмүүс бусдад өгөхдөө зовж шаналдаг. Зовлон шаналал бол тэдэн өгч буй адис юм.
Зарим хүмүүс харин бусдад өгөхдөө өгөхийн зовлон, жаргалыг огт мэддэггүй. Сайн үйлсийн төлөө бол бүр ч биш.
Тэд зүгээр л холын хол тал дундаас мөнх ногоон цэцэг үнэрээ хийсгэн тарааж буй мэтээр л өгдөг.
Бурхан тийм хүмүүсийн гараар дамжуулж үгээ хэлж, тэдний нүдээр дамжуулж дэлхий ертөнц рүү инээмсэглэдэг юм.
Хэн нэгэн чамаас тусламж хүсэн юм гуйхад нь өгөх бол сайн л хэрэг. Гэхдээ ам нээхээс нь өмнө учрыг нь ойлгон түрүүлж өгөх нэн сайн.
Сайхан сэтгэлээр авах хэрэгцээтэй байгаа хүнийг хайж явах нь өгөхөөсөө ч илүү сайхан.
Чамд авч үлдэхийг хүссэн зүйл байсаар л байна уу?
Чамд байгаа зүйлс чинь чи нэг л өдөр бусдад гаргаад өгчих тэр л юмс шүү дээ. Тиймээс одоо л гаргаад өгчих. Тэгэх юм бол өгөх боломж хэн нэгэн чамайг залгамжлагчийн гарт бус, харин чиний гарт үлдэнэ.
Чи үргэлж л “би бусдад өгөх дуртай, харин хүртэх ёстой хүнд л өгнө” гэх юм. Гэтэл цэцэрлэг доторх модод чинь, хотон дахь хонь чинь тэгж хэлээгүй биз дээ. Өгчих юм бол тэд амьдарна, өгөхгүй үлдээчих юм бол харин үхчихэж магад шүү.
Амьдралыг хүртсэн хүнд чи бусдыг нь ч бас өгөх хэрэгтэй.
Амьдралын далайгаас уух хувьтай тэр чиний горхиноос ч хундагаа дүүргэх эрхтэй.
Итгэл найдвар, урам зоригоос илүү дээр гарах бэлэг гэж байхгүй.
Чи хэн болоод тэд цээжээ уран, жинхэнэ үнэ цэнэ, хамаг омог бардамналаа гаргаж чамд үзүүлэх ёстой гэж?
Чи эхлээд өөрийгөө өглөгч эсвэл түүний багаж зэвсэг байж чадах эсэхээ бодоод үзээрэй. Үнэн хэрэгтээ, амьдрал л амьдралд өгдөг юм. Чи бол зүгээр л гэрч төдийхөн зүйл.
Харин чи, хүлээн авагч чи болоод бусдын өгснийг гар тосон авч байгаа та нар бүгд дэмий талархах хэрэггүй. Тэгэх юм бол чи өөрийгөө ч, чамд өгсөн түүнийг ч хүнд дөнгөөр тушин болно.
Учир нь чи өртсөн сэтгэлээрээ түүний дэлхий ээж, далай аавын өгөөмөр занд эргэлзэж байгаагаа илэрхийлж байна гэсэн үг.
Kahlil Gibran
0 comments:
Post a Comment