Aug 24, 2010

Яаруу Давчуу Цаг Хугацаа 匆匆

Хятад хэл сурч байсан хүмүүс хятадын алдарт яруу найрагч, зохиолч Жу Зи Чингийн (朱自清1898-1948) уг зохиолыг андахгүй сайн мэдэх байх аа, орчуулж байсан ч хүн цөөнгүй байдаг байх. Энэ удаад уншаад өнгөрөх биш орчуулаад өнгөрөх гэж хичээлээ. 

Яаруу Давчуу Цаг Хугацаа

    Хараацай шувуу нүүдэллэн явсан ч харьж ирэх цаг бий. Улиас модод хатаж гандсан ч ногоорч дэлгэрэх үе гэж бий. Тоорын цэцэг хагдарсан ч цэцэглэх мөч бас л бий. Ухаалаг чи минь хэлээд өгөөч, бидний өдрүүд яагаад харин эргэн ирдэггүй юм бэ? Хэн нэг нь хулгайлаад явчихдаг юм уу? Тэр нь хэн юм бэ? Хаана нуучихдаг юм бол? Эсвэл өөрсдөө зугтаад явчихдаг юм болов уу? Тийм бол одоо хаана явж байгаа бол?
    Бидэнд хичнээн урт хугацаа өгсөн байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ гар маань бага багаар хоосорсоор л байна. Чимээгүйхэн дотроо бодож үзтэл найман мянга гаруй өдөр гараас минь урсаад явчихсан байх аж. Яг л дуслын зүүнээс далай руу нэг дусал орчих шиг миний өдрүүд цагийн урсгал дунд ямар ч чимээ аниргүй, бас дүрс сүүдэргүй дусалж одсоор. Нулимс өөрийн эрхгүй асгарна.

Aug 10, 2010

Авьяастны Мөрөөдөл 天才夢



        Би их сонин эмэгтэй. Хар багаасаа л төрөлхийн авьяастай гэж хэлэгдсээр авьяасаа хөгжүүлэхээс өөр зорилгогүй болсон нэгэн. Харин хүүхэд насны сүрхий мөрөөдөл бага багаар бөхөхийн хэрээр би өөрийгөө авьяастан болох мөрөөдлөөс өөр юу ч үгүйгээ мэдсэн юм. Надад байгаа зүйл бол ерөөсөө л авьяастны бөөн этгээд гажууд сул талууд. Хүмүүс Regis Wargnier-ийн солиорлыг уучлах байх л даа, харин намайг бол уучлахгүй байх.

Aug 5, 2010

Буурал Үс 白髮

Гуо Мо Руо (郭沫若 1892-1978) бол хятадын орчин үеийн алдарт зохиолч, яруу найрагч төдийгүй нэртэй археологич, философич, эртний уран зохиол судлаач, түүх судлаач, хувьсгалч, нийгмийн зүтгэлтэн хүн юм. Түүнчлэн тэрээр хятадын шинэ шүлгийн үндэслэгч, Лү Шүнийг залгамжлан соёлын хувьсгалыг манлайлагч гэж нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  соёлын зүтгэлтэн билээ.Энэ удаад түүний богино хэмжээний өгүүллэгээс нэгийг орчууллаа.


     Он удаан жил сэтгэлдээ хадгалж явсан шүлгийн үгс өнөөдөр үүр цүүрээр оргилон ундрах чинь.
     Чи залуухан, зав залуугаараа, алс нутгийн бүсгүй. Чиний нэрийг би огт мэдэхгүй, тиймээс чамайгаа “чи” л гэж дуудаж байгааг минь өршөөгөөрэй.

Jun 14, 2010

Бяцхан Хулганы Эрэл Хайгуул

Нэг ийм хөөрхөн үлгэр олж уншлаа. Тэгээд орчуулчихлаа. Хүн болгон давуу болоод сул талтай. Давуу талаа хүнээс биш өөрөөсөө олж хар аа гэсэн санааг хулганы эрлээр хөөрхөн тайлбарлачихсан нь таалагдсан юм.

Бяцхан Хулганы Эрэл Хайгуул
Нэгэн хулгана өөрийгөө хэтэрхий өчүүхэн жижиг гэж бодон, үргэлж дэлхий дээрх хамгийн том зүйлийг эрж олохыг хүсдэг байжээ. Тэгээд толгойгоо өргөн юу ер нь том юм бол оо? Юу хамгаас том юм бол оо гэж бодож суугаад: “Миний амьдрал тэнгэрийн доорх үнэн мөнийг олохын төлөө байдаг. Харин тэнгэр юунаас ч айдаггүй, тэр үнэхээр өргөн уудам, 4 зүг 8 зохисыг өөрийн доор багтааж чаддаг” гэж бодоод, тэнгэр дээр очоод: “Тэнгэр ээ, чи юунаас ч айдаггүй, би ийм өчүүхэн жижигхэн, чи надад хүч зоригоосоо өгөөч” гэхэд,
Тэнгэр хэлсэн нь: “Надад ч бас айдаг зүйл бий, би үүлнээс айдаг. Үүл тэнгэрийг бүрхэж нарыг халхалж чаддаг, нар бид хоёр түүнийг яаж ч чаддаггүй” гэв.

Jun 13, 2010

Нөхөрлөл

За завгүй завгүй гээд яваад байсан чинь их удаан дуртай ажлаа хийгээгүй хаячихсан байна.  Би ч олон сайхан найзтай л даа: зааж зөвлөдөг, эрхэлж тунирхдаг, тайвшруулж тайтгаруулдаг, уурлуулж бухимдуулдаг, учирлаж ойлгуулдаг, баярлуулж баясгадаг,  ГОВЬ АЛТАЙН ЗАМЫН ГОЛООР АЛХАХ ДУРТАЙ гээд л, тэдэндээ зориулчихъя. Бүгдэнд нь байгаагаар нь л хайртай шүү. За тэгээд Зөнч маань бидний харилцааны талаар ийн хөөрч байна:

Нөхөрлөл
Нэгэн залуу гарч ирэн бидэнд нөхөрлөлийн тухай ярьж өгөөч гэв.
Тэр хэлсэн нь:
Чиний найз чамд хэрэгтэй зүйлсийн чинь хариулт.
Тэр чиний тариан талбай, чи хайр өвөртлөн үр суулган, хайраа өвөртөлсөөр ургацаа хураана.
Тэр мөн чиний зоогийн ширээ, задгай зуух.
Чи өлсөхөөрөө түүнийг эрж, тайвшрахын төлөө түүнийг хайдаг.

Найз чинь шууд шулуулхнаар сэтгэлийн үгээ хэлэх үед, чи сэтгэл доторх “Үгүй”-ээсээ бүү ай, сэтгэлийн гүн дэх “Тийм”-ийгээ бүү дарж нуу.

May 6, 2010

Намар Орой Голын Дээр

Манай  Enbos найз надад ийм нэг сайхан шүлэг орчуулж бэлэглэсийн, Бүх Хятадын 300 шилдэг  модернист шүлгүүдийн нэг. Дахин дахин баярлалаа найздаа!

 Намар орой голын дээр (Лю Да Бай)

Үүр рүүгээ буцаж буй нэгэн шувуу,
Эцэж хэдий ядарсан ч,
Үдшийн нарны цацрагийг нуруундаа тээж явна.

Бурханлиг жигүүрийн ганц л дэвэлтэнд,
Голын дээр наран асгарахуй;
Буурал зэгс нэгэн агшинд,
Гоёмсог улаан өнгөнд хувирна.

秋晚的江上  (劉大白)

歸巢的鳥兒,
儘管是倦了,
還馱著斜陽回去。

雙翅一翻,
把斜陽掉在江上;
頭 白的蘆葦,
也妝成一瞬的紅顏了。

Орчуулсан Enbos 05.05.2010

May 4, 2010

Баяр Жаргал ба Гуниг Зовлон

Нэлээд олон жилийн өмнө би ээжийгээ 10 сар зовоохын ялдамд баяр баясал авчран төрж билээ. За тэгээд тэрнээс хойш бид бие биесийнхээ баяр гунигийн салшгүй учиг шалтгаан болсоор иржээ. Болсоор ч байх болно. Өнөөдөр ээж бидэн хоёрын хамтын зовлон жаргал эхэлсний ойн өдөр.  Тэгээд Зөнчийн үгээр жаргал зовлонг тайлбарлалаа.


Дараа нь нэгэн эмэгтэй бидэнтэй баяр жаргал, гуниг зовлонгийн тухай ярилцаач гэлээ.
Тэр хэлсэн нь:
Чиний баяр баясгалан бол багаа авсан зовлон гуниг.
Чиний инээд оргилж байгаа худаг мөн чиний нулимсыг дүүргэж байдаг юм.
Үүнээс өөрөөр ямар байна гэж?
Зовлон гуниг зүрхийг чинь хэр гүн шархлуулна, түүнээс илүүгээр чи баяр жаргалыг багтаах болно.