Mar 10, 2010

Мананд 霧裏

Би манан дотор л яваад байх шиг.
Миний эргэн тойрон бол зах хязгааргүй өргөн уудам ертөнц гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ би үргэлж түүний бүрэн бүтэн нүүр царайг харж чадахгүй юм. Нүдний өмнөх жижиг булангаас бусад нь бүдэг бадаг хэлбэр төдий л харагдана.
Би бага зэрэг айж бас эргэлзэж байна, гэхдээ би яг одоо аажим аажмаар урагшилж байгаа гэдгээ мэдэж байгаа болохоор мөн баярлах сэтгэл төрнө. 

Учир нь миний өмнөх, би даруйхан хүрчихэж болохгүй тэр холын зүгээс үргэлж нэгэн дуу хоолой намайг урин дуудаж байдаг. Энэ бол хэсэг хүмүүсийн янз бүрийн өнцөг булангаас урин дуудаж байгаа дуу хоолой, баяр хөөр болон бахдал бишрэлээр дүүрэн дуу хоолой. Яг л надад миний өмнөх өнөөх ертөнц, өнөөх би одоохондоо харж чадахгүй тэр ертөнцөд ямар сайхан нүд эрээлжилж, сэтгэл булаан, дуу алдам газрууд байгааг хэлээд байх шиг.

Би тэдгээр дуу хоолойнуудад дуртай, мөн үргэлж урин дуудаж байдаг тэр сэтгэлүүдэд баярлаж явдаг. Тэд л надад урам зориг өгч, намайг удирдан чиглүүлж урагш явахад тусалж байдаг юм. Мэдээж би манан дотор явж байгаа учраас, замд янз бүрийн эргэлзэх зүйл олон таардаг учраас би тэдний өмнө нь зогсож байсан, сэтгэл догдлон баярлаж байсан яг тэр газарт хүрч чадахгүй ч байж мэднэ. Би магадгүй бүхэл амьдралынхаа туршид ч энэ өтгөн мананг нэвт шувт туулан гарч чадахгүй байх, үүний зэрэгцээ үүрд мөнх тэдний ертөнцөд хүрэх замыг олж чадахгүй байж магад. Гэвч тэд харсан, тэдний урин дуудсан дуу хоолой надад хэлж өгсөн болохоор би тэдэнд итгэж байна, тэдэнд итгэхийн даширмаар энэ ертөнцөд бас итгэж байна.

*****
Манан дотор маш олон хоорондоо үл адил дуу хоолойнууд бий.

Энэ ертөнцөд ч бас маш олон адилгүй нүүр царай, хувь тавилангууд бий.

Миний бодлоор амьдралд хүнийг хамгийн их татдаг зүйл бол адил бөгөөд адилгүй байдал.
Ямар гээчийн ялгаж салгахын аргагүй зөрчил вэ?
Миний эргэн тойронд байгаа хүмүүс надтай огтхон ч адилгүй гэдгийг мэдэж байна л даа. Арьсны өнгө, амьдралын төвшин, асар том цаг хугацаа орон зайнаас эхлээд өчүүхэн жижиг хурууны хээ хүртэл адил биш, хүн бүр туйлын зааг ялгаатай бие хүмүүс.

Тэгтэл би бас эргэн тойрны маань хүмүүс хоорондоо бүрмөсөн адил гэдгийг мэдэж байна. Бид баярлаж хөөрөхөөрөө инээж, уйтгарлаж гунихаараа уйлж, сул дорой үедээ хэн нэгний хайр өмгөөллийг хүсдэг. Бид бүгд өөрсдийн үр хүүхдэдээ хайртай, цэцэглэж байгаа амьдралдаа дуртай, нутгаасаа гарахаараа үргэлж санан мөрөөдөх сэтгэлээ бас хамт авч явдаг.

Иймээс тэр холын холоос урин дуудах дуу хоолойнд үргэлж ямар нэг зүйл бидний сэтгэлийг хөдөлгөж, биднийг хэсэг зуур амьсгаа даран тайвшруулдаг, яг л мянга мянган жилийн турш эцэж цуцалтгүй хайж явсан өөрийгөө олсон мэт.

Мансууран согтуурах тэр мөчид бидний сэтгэлд оргилон эрчлэх давалгаа өөрийн мэдэлгүй дөрвөн зүг найман зовхист түгэн тарж, манан дотор аажмаар нарийхан цацрагууд болон алсын алсад сарниж одно. Цацрагууд сарнин тарж мянган бээрийн цаана хүрсэн ч ганц нэг хүн тэрийг олж харан санаа алдах дуу гаргах л байх? Харин тэр санаа алдах чимээ нь бүр холын хол уулын хавцалд хүрэн бүр зөөлөн хөнгөн цуурай болдог байх?

Хэрвээ хэн нэгэн хүн энэ бүхнийг нэвтэрч, бодол санаа бүрийг, түүхийн үйл явц бүрийг харж чаддаг бол тэр ямархуу нарийн будлиантай зураглал харагдах бол?
*****

Энэ ертөнц үнэхээр агуу том юм аа. Зам тийм урт, амьдрал ийм богинохон, өтгөн манан ч бас урт удаан хугацааны турш сарнихгүй юм. Харин би яаж чамд өөрийгөө энд ирсэн гэдгийг хэлж мэдүүлэх үү?

Миний уртаас урт бөгөөд өчүүхэн богино амьдралд минь байсан зүйл бүрийн шунал хүсэл, хайр сэтгэл, баяр хөөрийг яавал сая чамд хэлж чадах бол? Би яг юу хийж байгаагаа мэдэхгүй байна л даа, гэхдээ би юу хийхийг хүсэж байгаагаа бүдэг бадаг мэдээд байна. Харин яг энэ мөчид бүгдийг ингэж хийхээс өөр арга алга.

Энэ л миний өтгөн манан дунд булан эргэх зуур түр зогссоны учир. Сэтгэлд минь хэлэхийг хүссэн үгс байна. Гэхдээ чамд биш өөртөө л хэлэхийг хүссэн байж магад. Бүрзгэр бүүдгэр бодол сэтгэл дотроосоо хурдхан нэг учиг зангилааг олж, дараа нь өөртөө ойлгомжтой бичиг үсгээр буулган, бодит хэлбэр дүрсэнд оруулаад, түүнийгээ өтгөн манан дундахь тэр буланд орхин холоос ажиглан хартал сая л нэг юм жинхэнэ өөрийнхөө нуугдаж байсан үл таних дүрсийг олж харлаа. Инээвхийлэх зуур нулимс өөрийн эрхгүй дусална.

Тэгээд арай гэж эргэн цааш урагшлан явлаа. Ардаа үлдээсэн тэр өтгөн манан дундахь бүтээлүүд маань мэдээж миний амьдралын аль нэг эргэлт нугалаасанд дурсгал болгож үлдээсэн зүйлс минь юм. Тиймээс тэнд миний чин үнэн сэтгэл бас хамт үлдсэн байж таараа. Гэхдээ чамайг түүнийг олж харах үед тэр хэдийнэ намайг бүрэн төгс илэрхийлж чадахгүй болсон байна. Учир нь чи бид хоёр хичнээн адил байлаа ч гэсэн чи миний сэтгэлийг бүрэн ойлгож чадахгүй. Мөн түүнчлэн би урагшлах тусмаа манан дунд өөрчлөгдөн өөрчлөгдсөөр урьдны би биш болжээ. Намайг чамд таниулж санагдуулах зүйл магадгүй өнөөх холын холын хол өнцөг булан бүрээс сонсогдох баяр хөөр, бахдал бишрэлээр дүүрэн дуу хоолой.

Чиний хувьд би ирж байсан, харин үүнийг зөвхөн би л мэднэ. Гэхдээ тэр би бол яг жинхэнэ би биш.

Учир нь яг одоогийн би аль хэдийнэ мянган бээрийн цаана аялж яваа.

Ши Мөрөн  席慕蓉

5 comments:

Nara said...

Woow, shn orchuuljee. Goyo nairuulgatai bolson bn.Amjilt Husey. from Nara jie....

Enbos said...

Гоё! эх зохиолыг нь уншиж үзээгүй ч гэсэн, монгол найруулганд чинь ОНЦ дүн тавилаа. Ганц хоёр үг үсгийн алдааг тооцсонгүй. Нээрээ л бидний амьдрал ямар нууцлаг, манан мэт бүрхэг билээ дээ, хамгийн сайхан гэж итгэж явсан бүхэн харанхуй арилахтай зэрэг үнэн чанараа нээдгийн адил... Энэ өгүүллэгийг уншсан чинь манан дотор дахиад нэг манан суучлаа...

Anonymous said...

Negiig bish olniig bodogduulj baina shu! bayarlalaa Balhan mini! kiss youuuuu....

Suyala L said...

Баярлалаа найзууд а! Үг үсгийн алдаа нь хаагуур туугаад байнаа?

Anonymous said...

aan bi olj harsan shu, blogiin chin header deer orlodlogo gedeg ug bn shde, ter chin oroldogo boltson bh shig bn !

Post a Comment