Mar 28, 2010

Амьдралын амт 生命的滋味

Тайваний зохиолч Ши Мөрөнгийн зохиолуудаас ганц нэгийг орчуулах оролдлого хийж байгаа билээ. Орчуулсан эссенүүдийнхээ хятад нэрийг бас хамт тавилаа. Хэл мэдэх хүмүүс хятад эхийг нь уншмаар байвал нэтээр дүүрэн байгаа тул олоод уншина биз. Гэхдээ санаа оноо нэмэрлэвэл always welcome шүү. 
Доорх зураг мөн түүний зурсан зураг болно.

1
“Т” утсаар надад тэсэхийн аргагүй нэг хэргийн төлөө эцэстээ хүнд уураа гаргаж, хэрүүл хийснээ ярив.
Би түүнээс “Уураа гаргасныхаа дараа харамсав уу?” гэж асуухад, тэр:
“Би харамсахгүй байхад суралцаж байгаа. Нэг аяга унагаж хагалчихаад түмэн арга сийлж байж эвлүүлж наасан шиг тийм харамсал надад хэрэггүй” гэж хариулав.
Чимээгүйхэн найзынхаа шингэрсэн хоолойг сонсох зуур гуниглах сэтгэл төрөв.
Бид залуу байхдаа бүгд уужуу тайвуу, гэнэн цайлган сэтгэлтэй байсан билээ. Гэтэл яагаад? Яагаад заавал өсөж томрох тусмаа сэтгэлээ улам хурц, төвөгтэй болгох хэрэгтэй гэж? Яагаад заавал янз бүрийн холбоо сүлжээн дунд өөрийгөө болон бусдыг байнга шархлуулж гомдоож байх ёстой гэж? Тэгээд бас харамсахгүй байхад суралцана гэнэ. Энэ бүхэн чухам юуны төлөө юм бэ?
Би бас харамсахгүй байхад суралцаж чадах болов уу?
2
Амьдрал янз бүрийн том жижиг тэмцлээр дүүрэн билээ. Аз жаргал хийгээд эрх чөлөө тэр тэмцлээс зугтаж үл чадна.
Залуу байхад үргэлж олон түмэнтэй ойр явж, урагшлахад, сурч мэдэхэд, өөрийн олж авах ёстой юмаа олж авахад яардаг байж. Харин миний гартаа оруулж авч чадсан зүйлс хожим би өөрөө гар өргөн бусдад өгөх тэр зүйлс, одоо олж авч байгаа юмс маань яг одоо буцаагаад алдаж байгаа юмс гэдгийг би одоо, өнөөдөр л ойлгож авлаа.
Хүн дунд насанд хүрэхээр арай өөр үнэ цэнийн ойлголттой болдог юм байна. Урьд нь чухал гэж бодож байсан зүйлс дахин хэзээ ч тийм чухал байхаа больж, харин үргэлжид үл ойшоож ирсэн зарим зүйлс зогсолтгүй урин дуудах боллоо. Яг л тэр өвс навчис хоорондын салхины исгэрээн шиг, тэр далайн давалгаан амьсгал шиг, бас тэр газраар нэг үдшийн сарны гэрэл шиг.
Хөлийнхөө алхам бүрийг удаашруулахыг үнэхээр их хүсэж байна. Эх байгалийн доторх тэр гайхалтай сайхан амьдралын урилгад хариу өгөхийг бас үнэхээр их хүсэж байна.  
Гэвч үргэлж түүнд хариу өгөх хангалттай зориг надад төрөхгүй юм. Багын хүмүүжил маань намайг урсгал зөөлөн, олноос тасарч чадахгүй энгийн нэгэн болгожээ. Зөвхөн урьдаас дэвсэж зассан замаар өдрийн урсгалыг даган урагшилдаг энгийн нэгэн.
Хэрвээ би нэг өдөр өөрийн хүсэж явдаг даяанч болчихвол аглаг ууланд гарахын өмнө ер бусын үхлийн амтыг заавал нэг биеэр мэдрэх хэрэгтэй болно байх даа?
Магад бас тэдгээр булаалдалдаж тэмцэлдэх шунал тачаалгүй гэгдэх даяанч нарыг харин ч бүр илүү шунал хүсэлтэй, амьдралтай бүр илүү ширүүн тэмцэл хийж байгаа хүмүүс гэж хэлж болох юм.
Ингэж тайлбарлаж болно биз дээ?
3
Хэрэв би хэн нэг хүнийг үнэхээр хайрлах юм бол бусад бүх хүмүүсийг, бүхэл дэлхийг, амь амдралыг хайрлана гэсэн үг. Хэрэв би хэн нэг хүнд “Би чамд хайртай” гэж хэлж чадах юм бол, “Чиний дотор би бүх хүмүүсийг багтаан, чамаар дамжуулж бүх дэлхийг, чиний амьдрал дунд өөрийгөө бас хайрлана гэсэн үг.
Эрик Фромм
Нэг хүнийг хайрлана гэдэг халуу шатсан сэтгэл төдий биш, харин “нэг төрлийн тууштай шийдвэр, дүгнэлт, амлалт” байдаг юм байна.
Тэгвэл тэр үдэш тосгод хоорондын далай дагуух зөрөг замаар явж байхад гэнэт чангаар орилох хүсэл төрсөн нь хэвийн л явдал байх нь.
Дөнгөж сая далайн эргээр алхаж байгаад ирсэн боловч сэтгэл маань нарийхан ширхэгтэй, цагаахан элсийг орхиж төвдөхгүй л байлаа.
Гүн хөх тэнгэрт од сар ээлжлэн гэрэлтэх тэр сэрүүхэн шөнө, би нүцгэн хөлөөрөө далайн эрэг дээр зогсоход өнгөн элсний бүлээн дулаан, сул сийрэг байдал, мөн доод талынх нь хүйтэн чийглэг, бат бөх байдал мэдрэгдэнэ. Далайн давалгаан үдшийн дуу аажуу тайван, бас энхрий зөөлөн байлаа.
Бодоод үз дээ, хэчнээн их залуу нас энэ давалгаалан буй далайг дүүргэсэн бол? Хэчнээн их залуу нас уул чулууг бутлан энэ нарийн ширхэгтэй элс болгон бидний хөл дор дэвсэж өгсөн бол? Хэчнээн их залуу нас энэ үзэсгэлэнт намуухан оройг бүтээсэн бол? Хэчнээн олон залуу насыг туулж өнгөрөөж байж энэ дэлхий бидний ирэхийг хүлээж тэссэн бол?
Хэрвээ ийм үед сэтгэл дотроо удаан нууж явсан нууцаа хэлж зүрхлэхгүй юм бол, хэрвээ жаргалтай байх үедээ түүний түр зуурынх гэдэгт санаашрах юм бол, хэрвээ хайрлах хайрлуулахын хооронд бас хэзээ хайрлахгүй хайрлуулахгүй байхыг бодож тооцоолохын бол, би яаж амьралд жаргах билээ дээ? Зүгээр л түүнийг үрэн таран хийж байна гэсэн үг биз.
Тэр үдэш би мэдээж явсан. Далайн давалгааг, элсэн эргийг, сарны гэрлийг ардаа орхисон. Гэхдээ сэтгэлдээ талархсаар, тиймээс ч өөрийн эрхгүй дэлхий ертөнц рүү хандан:
“Баярлалаа! Энэ бүхэнд бүгдэд нь баярлалаа!” гэж хашгирмаар байна.
Гүн цэнхэр одот тэнгэрт, олон сая живаа жилийн алсад заавал нэг энэрэнгүй зөөлөн хүч миний талархлыг сонсоод над руу мэхийн, хайрын харцаар инээмсэглэн буй биз ээ.
Яг тэр чангаар хашгирч байх мөчид би шийдвэр гаргаж, дүгнэлт хийж, амлалт өгч байгаа хэрэг гэж үү?
Хэрвээ би өөрийнхөө амьдралыг үнэхээр хайрлаад сурчих юм бол, мөн би хүмүүсийг, энэ дэлхийг бүхлээр нь хайрлаад сурчихлаа гэсэн үг.
4
Тиймээс намайг өөрийн үйлдэл бүртээ хариуцлага хүлээж чаддаг болоход, харамсахгүй байхад, мөн хийсэн алдаагаа дахин давтахгүй байхад сургаж хайрлаач.
Надад явж ирсэн зам бүр маань ингэж туулахаас өөр аргагүй байсан гэдэг шалтгааныг ойлгуулж өгөөч. Надад хойшид явах зам бүрт маань сонгохоос өөр аргагүй зүг байгаа гэдгийг итгүүлж өгөөч.
Намайг зөвхөн энэ мөчид маань амьдруулж, өнөөдрийг маань мэдрүүлж өгөөч.
Энэ бүхнээс гадна, надад амьдралын өчүүхэн жижиг болоод эрхэм нандин болохыг ухааруулж өгөөч. Надад хүн төрөлхтний амьдрал бол он удаан урлаж ирсэн урлагийн бүтээл, надаас өмнө аль эрт эхэлсэн, хойшид зогсож дуусахгүй гэдгийг, харин би, миний оршин байгаа нь энэ урт удаан урлан бүтээлт дунд дутаж болохгүй нэг цэг, миний хичээл зүтгэл бүр үлдэж хоцрох ул мөр гэдгийг мэдүүлж өгөөч.
Надад уужуу тайвнаар амьдралын амтыг амтлуулж өгөөч гэж гуйя.
Ши Мөрөн 席慕蓉

7 comments:

Unknown said...

Mundag zohiolch, zuraach yumaa!

Enbos said...

Харамсахгүйд суралцаад ирэхээр өөрийгөө зүхэхгүй болоод ирнэ. Энэ нь өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Өөрийгөө ойлгож, хайрлаж чадсан хүн л бусдыг хайрлана. Ингэж ойлголоо. Би лав энэ бурхан зүг рүү нэг ч алхам хийж чадахгүй л байгаам даа.

Suyala L said...

алхам хийх ёстой гэдгийг ойлгочихсон гэдэг чинь алхам хийгээд эхэлчихсэн гэсэн үг байх

en said...

hervee chi orchuulaaguisan bol bi unshihgui bsan bhaa hervee bi unshaaguisan bol bayarlalaa gej helehgui bsan bhaa hehe saihan sanagdlaa

Suyala L said...

chamd ch herveed ch bas bayarlalaa kkk

Anonymous said...

sanamsargui taarlaa,sxan boljee,bugdiin unshnaa,tanihgui ch gsn bayarlalaa :)

Suyala L said...

Welcome;)

Post a Comment