Apr 4, 2010

Зөнч / The Prophet


Калил Гибран 1883-1931

Энэ удаад Араб гаралтай Америкийн зохиолч Калил Гибраны алдарт зохиол “Зөнч”-өөс (The Prophet) орчуулах оролдого хийж эхэллээ. Түүний уг зохиолыг бараг яруу найргийн хэмжээнд үздэг ба утга агуулгын хувьд ч амьдралын нарийн ширийн философийг энгийн үгээр, харилцан яриа хэлбэрээр илэрхийлж гаргасан нь хүмүүст машид таалагддаг ажээ. Анхны эх нь араб хэл дээр бичигдсэн бөгөөд олон орны хэл дээр сая сая хувиар хэвлэгдсэн гэдэг. Өчүүхэн би нь хятад хэл дээрх хувилбараас нь ойлгосныхоо хэмжээнд, чадлынхаа хэрээр буулгах оролдлогоо хийлээ. Цаашид бага багаар үргэлжлүүлнээ.  
2. Хайрын талаар
Тэгээд Алмитра бидэнтэй хайрын талаар ярилцаач гэв.
Тэр толгойгоо өргөн хүмүүс рүү хартал тэд чимээгүй болов. Тэр чанга цангинасан дуугаар хэлсэн нь:
Хайр чамайг дуудвал түүнийг дага,
Зам нь энхэл донхол, эгц өндөр байсан ч. 

Хайр далавчаа дэлгэн чамайг тэвэрвэл, аяаар нь бай,
Далавчиндаа нуусан сэлэм нь чамайг хатгаж шархдуулсан ч.

Тэр чамд юм хэлвэл түүнд итгэ, 
Түүний дуу хоолой умардын салхи цэцэрлэгийг гишгэчин сүйтгэх мэт чиний мөрөөдөл хүслийг үгүй хийсэн ч.
Учир нь тэр чамд титэм зүүлгэхийн ялдамд чамайг загалмайд цовдолж орхино. Чамайг өсгөж торниулахын төлөө мөчрийг чинь тайрч орхино.
Яг л, тэр дээшээ чиний оройд гараад нарны гэрэлд дагжин чичирч буй мөчрийг чинь энхрийлсэн шигээ доошлон эх дэлхийгээс зуурсан үндсийг чинь сэгсэрнэ.
Тэр чамайг буудай шиг хурааж байгаад, тариа цайруулж байгаа юм шиг нүцгэлж орхино.  
Тэр чамайг шигшүүрээр шигшиж хальснаас чинь чөлөөлж өгнө.  
Тэр чамайг нунтаглан цагааруулна.  
Тэр чамайг нухлан зөөлрүүлнэ; 
Дараа нь тэр чамайг ариун гал руу хийн бурхны зоог доторх ариун бин болгож орхино.
Хайрын чамд хийж өгч байгаа энэ бүх зүйлс чамд сэтгэл доторх нууцыг чинь мэдүүлж өгөх агаад тэр мэдлэг Амьдралын зүрхний чинь нэг хэлтэрхий болох болно.
Хэрэв чи айдас дотроосоо хайрын амар амгалан болоод хайрын баяр баясгаланг эрэх юм бол нүцгэн биеэ юмаар далдлан, хайрын тариа хураалтын талбайгаас тонилсон нь дээр.
Улирал солигддоггүй тэр ертөнцөд чи инээж чадна, гэхдээ чин сэтгэлээсээ инээж үл чадна. Тэнд чи уйлж чадна, гэхдээ сэтгэлийн гүнээсээ цурхирч чадахгүй.
Хайр юу ч өгдөггүй, зөвхөн өөртөө л өгдөг. Тэр юу ч авдаггүй, зөвхөн өөрөөсөө л авдаг.  
Хайр эзэрхийлдэггүй, бас эзлүүлдэггүй.  
Учир нь хайр хайраар хангалттай дүүрэн.
Хайрлах үедээ чи: “Бурхан миний зүрхэнд байна” гэж битгий хэлээрэй. Харин “Би бурхны зүрхэнд байна” гэж хэлээрэй.  
Хайрыг удирдаж залж чадна гэж бүү бодоорой. Цаг чинь болохоор тэр чиний замыг өөрөө чиглүүлж өгөх болно.
Хайранд өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхээс илүү хүсэл байхгүй.  
Харин чи хайртай учрах юм бол заавал хүсэл зоригтой байх хэрэгтэй. Эдгээрийг өөрийнхөө хүсэл зоригоо болго:
Жижигхэн горхи хоржигонох урсгалаараа амгалан шөнөд дуу дуулж өгч буй мэт хайл. 
Хэтэрхий их энхрийлэл зовлон дагуулдгийг мэдэж ав. 
Хайрын тухай ойлголтоороо өөрийгөө шархлуул;  
Тэгэхдээ өөрийн сайн дураар баяртайгаар цусаа урсга.  
Үүрээр сэрэхдээ жигүүрлэсэн зүрхтэйгээр сэрж, дахин нэг хайр дүүрэн өдөр өгсөнд таларх; 
Өдөр амарч байхдаа хайрын хөөрлийг чимээгүй бясалга; 
Орой талархлыг өвөртөлж гэртээ харь; 
Дараа нь чамайг хайрладаг хүмүүсийн төлөө сэтгэлдээ залбираад, уруулдаа магтаалын шүлэг аялан нойрс.                                                                      
Калил Гибран


5 comments:

Anonymous said...

Hamgiin aguu zuil bol hair. Uneheer tuuniig zalj chigluulj,udirdaj bolohgui yum da.

en said...

Хэрэв чи айдас дотроосоо хайрын амар амгалан болоод хайрын баяр баясгаланг эрэх юм бол нүцгэн биеэ юмаар далдлан, хайрын тариа хураалтын талбайгаас тонилсон нь дээр.
ene heseg ih hatuu hernee hamgiin unen saihan ug bn a

Light said...

хайрыг гүнээс нь бичжээ.үргэлжлүүлээрэй.

Enbos said...

Дорнын салхи үнэртэж байна шүү. Сайхан сайхан. кийп гойн!

Мөнхбаяр said...

Кахлил Жибран англи хэл дээр 12 зохиол бичсэний нэг нь энэ Зөнч гэдэг зохиол. Эх хувилбар нь англи хэл дээр бичигдсэн байдаг. Араб хэл дээр биш.

Post a Comment